
Кембрижийн Олон Улсын Дунд боловсролын хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, багш сурагчдынхаа сурч ажиллах орчныг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилд бид 1500 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн 15,000 гаруй м2 талбай бүхий цогцолборыг Хан-Уул дүүрэгт байгуулж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.2018-2019 оны хичээлийн жилд Орчлон сургууль цэцэрлэгийн цогцолбор БСБ-ын нийт 1602 суралцагч, 358 багш ажилтан ажиллагсад, хүүхдүүд Монголын үндэсний болон Кембрижийн хөтөлбөр, Монтесори хөтөлбөрөөр хичээллэнэ.
Зөв Монгол хүнийг хүмүүжүүлэн сургах, тэдний авьяасыг нээн дэмжиж, амьдрах ухаантай, бүтээлч сэтгэлгээтэй Дэлхийн Монгол иргэдийг бэлтгэн гаргах их үйлсэд зүтгэн ажилладаг үндэсний чадварлаг Монгол багш нар, АНУ, Англи, Австрали, Филиппин, БНХАУ, Канад, Малайз, Нидерланд, Энэтхэг улсуудаас уригдан ирж ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн багш нараар багаа бүрдүүлэн Үндэсний хөтөлбөрийг Кембрижийн хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлж байна. Орчлон сургууль маань хос хэлтэй сургуулийн загвар болж үндэсний боловсролын суурийг олон улсын боловсролын шилдэг технологи, арга зүйгээр баяжуулан олгож сурагчид маань боловсролын төвшингөө олон улсын хэмжээнд баталгаажуулж ирлээ.
Манай хамт олон ISO хэрэгжүүлэгч байгууллага болохоор үйл ажиллагаагаа өнгөрсөн хичээлийн жилд эхэлсэн бөгөөд сургалтын, үйл ажиллагааны, удирдлагын тогтолцооны стандартыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж буй анхны боловсролын байгууллага болох юм.
Сурагчид маань 5-р ангиа төгсөөд хөндлөнгийн сорилтод орж мэдлэг чадвараа шалгуулаад ОУ-ын Бага боловсролын, 8-р ангиа төгсөөд Суурь боловсролын гэрчилгээ тус тус авдаг бол 9-10-р ангидаа Олон Улсын Бүрэн Дунд боловсролын хөтөлбөр, 11-12-р ангидаа Кембрижийн Олон Улсын А левелийн хөтөлбөрөөр хичээллэж Монгол улсын болон дэлхийн шилдэг их дээд сургуулиудад шууд элсэн суралцах бэлтгэлтэйгээр сургуулиа төгсч байна.
Хот улсын болон, олон улсын олон төрлийн олимпиад уралдаанд сургууль багшийнхаа нэрийг, эх эцэг, эх орныхоо нэрийг дуурсган яваа олон олон сурагчид, тэднийг төрүүлэн гаргаж буй эрдэмтэн багш нар, зөв дадал үйлд суралцан, хариуцлагатай, аз жаргалтай суралцаж буй Орчлонгийн бүх сурагчид, үе үеийн төгсөгчид, багш сурагчдын ажиллах суралцах таатай орчныг бүрдүүлэн ажиллаж байгаа арын албаны ажилтнууд, эцэг эхчүүд минь бүгд манай бахархал билээ.
Цахим сургуулийн төсөл, хүмүүжлийн цогц хөтөлбөр, таблет төсөл гээд техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлж суралцагчдын суралцах, судлах чадварыг нэмэгдүүлж байгаа нь 21-р зууны суралцагчийн бодит чадвар суухад томоохон түлхэц болно хэмээн итгэж байна. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийн 1, 2, 3 – р төслийн хүрээнд нийт 100 гаруй сурагчийг тэтгэлгээр сургаж байна.
Кембрижийн Багшийн Хөгжлийн төвийн эрхийг албан ёсоор авсан нь сургуулийнхаа төдийгүй өөр бусад газрын багш нарын арга зүйн хөгжлийг дэмжсэн сургалт явуулах, заах, зохион байгуулах боломжтой болж байгаа бөгөөд энэ нь Монголын боловсролын салбарт оруулж буй бидний бас нэгэн шинэчлэл, хувь нэмэр юм аа. PDQ төвийн сургалтад хамрагдаж сертификат авснаар Монголын багш нар олон улсын түвшинд багшлах өргөн боломж нээгдэж байгаа юм.
Ерөнхий эрдэм, урлаг спортын чиглэлээр шавь нараа жигд сургаж, эрүүл зөв хооллолт, бие даан амьдрах арга ухаан, хүмүүнлэг сэтгэлтэй, багаар хамтран ажиллах чадвартай өв тэгш иргэдийг хүмүүжүүлэхээр бид хичээн ажиллаж байгаа бөгөөд бидэнд итгэл хүлээлгэн цаг ямагт дэмжин тусалж, хамтран ажилладаг эцэг эхчүүддээ, хичээнгүйлэн суралцдаг шавь нартаа талархал дэвшүүлье.
ОРЧЛОН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БОЛОВСРОЛ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Д.БАТМӨНХ